Хүмүүн төрөлхтөн үүсэн бүрэлдэж, олон соёл иргэншлийг цогцлоон бүтээсэн нь сансар ертөнцийн хамгийн аугаа их гайхамшиг юм. Тиймийн учир Америкийн эрдэмтэн Самуэль П.Хантингтоны хэлсэнчлэн “Хүн төрөлхтний түүх бол өөрөө соёл иргэншлийн түүх” бөлгөө.
“Түүхэн энэ урт хугацаанд иргэншлүүд нь олон үе дамжин, эртний Сүмэр, Египет, Ромын үеэс сонгодог болон индианы маягийн хэлбэрт шилжиж, сүүлдээ өрнийн загалмайтны, лалын иргэншил болж төлөвшин, аажимдаа хятадын, хиндү гэхчлэн бусад иргэншлээр баяжигдаж ирсэн түүхтэй. Хөгжлийнхээ бүхий л үеийн туршид улс түмэн өөрийгөө тодорхойлох, мөн чанараа өргөн утгаар тайлбарлахад иргэншил нь гол хэрэгсэл болж иржээ. ...Иргэншил ба соёл гэдэг ойлголт нь хоёулаа ард түмнүүдийн бүхий л амьдралын хэв шинжийг илэрхийлэх бөгөөд иргэншил нь арай илүү өргөн хүрээг хамардаг” хэмээн тэрбээр “Иргэншил хоорондын мөргөлдөөн, шинэчлэгдэн буй дэлхийн дэг журам” бүтээлдээ тодорхойлсон байдаг.
Английн нэрт түүхч А.Ж.Тойнби судалгааны бүтээлдээ тэмдэглэснээр, сүүлийн 6000 жилийн түүхэнд дэлхий дээр хүн төрөлхтний соёл иргэншлийн 26 төлөв байдал бүрэлдэн тогтож ирсэн ажгуу.
Эдүгээ дэлхий ертөнц улам бүр даяаршиж, даяаршихуйн давалгаа нь ямар ч хүч тогтоон саатуулж үл чадах нэгэн их түрлэг болсоор, дэлхийн эрдэмтэн мэргэд даяаршихуй болбоос дотносон ойртохуйн утга хэмээн нэгэн дуунаар баталж байна. Улс гүрнүүдийг үзэл суртлын хана хэрэм, эдийн засгийн хөгжлийн төвшингээр нь зааглан хуваадаг асан үе нэгэнт улирч, одоо соёл иргэншлээр нь бүлэглэн ангилах болжээ.
Тэрхүү соёл иргэншлүүдийн зөрчил, зохирлын асуудал улс төрчид, эрдэмтэн судлаачдын судалгаа бүтээл туурвилын гол сэдэв болоод байна.
Дээр дурдсан Америкийн эрдэмтэн Самуэль П. Хантингтон улс хоорондын харилцааны зөрчил зөрөлдөөнийг шинжлэн дүгнэж, ”хүйтэн дайны” дараах дэлхий ертөнцийн зөрчил мөргөлдөөний эх үүсвэр нь үзэл суртлын ялгаа, эсвэл улс хоорондын эдийн засгийн өрсөлдөөн, улс төрийн эсрэг тэсрэг байр суурь бус, харин шашин шүтлэг, оюун санааны итгэл үнэмшлийг гол цөм болгосон өөр өөр соёл иргэншил хоорондын зөрчил байх болно, ижил буюу төстэй соёл иргэншил бүхүй бүлэглэл буюу улс гүрнүүд ирээдүйд нэгдэн нийлж, ондоо өөр соёл иргэншил бүхүй улс түмнүүд улам холдон тасарна хэмээсэн нэгэн өвөрмөц дүгнэлт хийсэн байдаг. Түүний үзлээр, ирээдүйд дэлхий ертөнц дээр ижил буюу төстэй соёл иргэншлээрээ ойртон нэгдсэн хамтын нийгэмлэгүүд бүрэлдэн буй болох ажээ.
Хүмүүн төрөлхтөн цаашид күнзийн, японы, хиндү, өрнийн, лалын, ортодокс, латин америкийн, африкийн гэх зэрэг хэд хэдэн томоохон соёл иргэншилд хуваагдан, тэдгээрийн өөр хоорондын зөрчил зохицлын харилцаагаар ирээдүйн дэлхий ертөнцийн дүр төрх тодорхойлогдох ажгуу.
Дэлхий ертөнц даяаршихын зэрэгцээ, соёл иргэншлүүд нэгдэх, салах үйл явц ийнхүү бодтой болж буй энэ цаг үед эртний түүх соёлт монголчууд тэрхүү соёл иргэншлүүдийн тулгуур үндэс, утга чанар, уг сурвалж, чиг хандлагыг таньж мэдэх шаардлага зүй ёсоор урган гарч байна. Тэр тусмаа хувь тохиолын эрхээр хаяа залган айлссан мөнхийн хөрш- Монгол улс, БНХАУ хоорондын найрамдалт хөршийн олон талт харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж буй энэ үед хятадын уламжлалт соёл хийгээд тэрхүү соёл иргэншил нь орчин үеийн улс түмнүүдийн өвөр хоорондын харилцааны хөгжлийн чиг хандлагатай хэрхэн уялдан хөгжиж байгааг судалж шинжлэх нь нэн чухал юм. Энэ нь хятад хүнийг сайтар таньж, шинжэхүйн нэгэн чухал шижим болой.
Хятадын түүх соёл нь нааш цааш 5000 жилээр тоологдох нэн эртний улбаатай бөгөөд өнө урт түүхийн нугачаанаа ер тасалдаж бөхөлгүй эдүгээ хүртэл уламжилж ирсэн цорын ганц соёл иргэншил хэмээн үздэг. Тэрхүү өнө эртний уламжлалт соёл иргэншлийг хятадын эртний их сэтгэгч, соён гэгээрүүлэгч Күнзийн сэтгэлгээ, сургаал, номлолоос ангид үзэхийн аргагүй. Учир нь хятадын соёлын тухай яриваас Күнзийн сэтгэлгээ, соёлын тухай ярих хэрэгтэй болно. Күнз хэмээх нэрийг дурдахул хятадын гүн ухааны сэтгэлгээ, уламжлалт соёлын тухай дурдах хэрэгтэй болдог.
Күнз болбоос эдүгээгээс 2500 гаруй жилийн тэртээ амьдарч, туурвиж бүтээж асан эртний Хятадын их сэтгэгч, соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч, өнөө үед дэлхийн арван их сэтгэгчийн нэг хэмээн нэрлэгддэг сод их мэргэдийн нэг юм.
Нийтийн он тооллын өмнөх 551 онд Лу хэмээх ханлиг улсын Чүфү хэмээх газар /Одоогийн Шаньдун мужийн Чүфү хот/ төрж, 479 онд 73 насандаа таалал төгссөн хэмээн түүх шаштирт тэмдэглэн үлдээжээ.
Энэ үе нь эртний хятадын Хавар Намар улсын үе бөгөөд (НОТӨ 770-476) энэ үед хятад орон хэдийвээр нэгдмэл нэг улс мэт боловч, хэрэг дээрээ олон жижиг ханлиг улсууд улсын доторхи улс мэт хуваагдмал оршин, хүчтэй нь хүчгүйгээ хөнөөн мөхөөж асан чухам ийм цаг үед Күнз аж төрж, сургаж номлож явжээ. Тэрвээр утга соёл, түүх, гүн ухаан, улс төр, засаглал, нийгэм, ёс суртахуй зэргийг олон талаас нь гүн гүнзгий шинжлэн, үзэл онол, эш сургаалаа айлдан номлосоор “Рүшүэ” хэмээх “Күнзийн сургаал”-ыг анх цогцлоон, олон шавь нар нь үеэс үед уламжлан баяжуулсаар “Дөрвөн ном таван бичиг” хэмээх алдарт судар туурвилуудаар уламжилж ирсэн түүхтэй юм.
Ихэд хураангуйлан өгүүлвээс, Күнзийн сургаалыг “Хүмүүн болохуйн ухааны сургаал” хэмээн нэрлэх бөгөөд эш сургаал нь өршөөл, энэрэл, элбэрэл, хайр, тахимдуу ёсон, ёслол, журам, итгэл, хэв дундыг сахихуй, ёс суртахуйг эрхэмлэхүй, засаглахуй, зохирохуй зэрэг олон талыг өвч багтаасан байдаг.
Тэдгээр сургаал номлолын дотор хүмүүн хоорондын харилцааны тухайт, тухайлбал, эзэн хаан, эрхэм сайд хоорондын, эрхэм сайд, эрдэмт түшмэл хоорондын, эрдэмт түшмэл, эгэл хүмүүн хоорондын харилцааны ёс журмын тухайт, ханлиг улс хоорондын харилцааны ёс журмын тухайт өгүүлсэн нь нэн олон буй.
“Шүүмжлэл өгүүлэл” номд өгүүлснээр, “Лу улсын Зы Гун хэмээх нэгэн эрхтэн Күнзээс засаглалын учрыг асуухуйд Күнз өгүүлрүүн: Амуу будаа арвин элбэг, цэрэг зэвсэг өвч бүрэн, иргэн олон итгэл дүүрэн байхыг хэлмой” хэмээжүхүй.
Зы Гун асууруун: Арга буюу энэ гурвын аль нэгийг огоорох болвоос чухам алиныг нь сонговоос зохино? Күнз: Цэрэг зэвсгийг хаямуй.
Зы Гун асууруун: Арга буюу энэ хоёрын аль нэгийг нь огоорох болвоос алиныг нь сонговоос зохино? Күнз өгүүлрүүн: Амуу будааг хаямуй. Эртнээс нааш хэн болов ч үхлээс зайлсан нь үгүй буюу. Харин олон ард итгэл үгүй аваас улс тогтож үл чадах бөлгөө” хэмээжүхүй.
Засаглахуйд хүмүүн хоорондын харилцааны журам ёсон нэн чухал болохын учрыг тэрбээр тийн өгүүлжээ. “Хаан сайдыг зарахуй ёслолыг сахиж, сайд хаанд зүтгэхүй шударгыг сахихуй” хийгээд “тэргүүлсэн сайд болбоос ёс суртлаар эзэн хаанд зүтгэж, эс чадваас эрх хэргэмээ орхих”-ын чухлыг сануулж, “эрдэмт сайдын зан үйлдэл салхи мэт, эгэл ардын зан үйлдэл өвс мэт буюу, салхи хаашаа үлээнэ, өвс тийшээ налах бөлгөө” хэмээн өгүүлжээ.
Күнз “ханлиг улс хоорондын харилцааны төрийн ёс журам”-ын тухай эш үзлийг анх түрүү хөндөж тавьсан байдаг. Улс хоорондын харилцааны ёс журам болбоос төр улсыг тохинуулан засах хийгээд төр улс тогтнон оршихуйн эх үндэс хэмээн тэрбээр үзэж байжээ. Тэрбээр “улс хоорондын ёс журам” болбоос эзэн хаанаас дээгүүр, эрх ямбанаас ч дээгүүр, бошиг зарлигаас чухал хэмээн үзэж, хаан эзний зарлиг бошгыг эс дагаж болох авч, харин ёс журмыг эс сахиж үл болохыг сургаж байж. “Ёс журам эс тогтвоос модон салнаа сууж далайн чанадад одмуй” хэмээн өгүүлсэн байдаг нь үүний нуталгаа юм.
“Шүүмжлэл өгүүлэл” номд өгүүлснээр, Си Ма Ниү хэмээх нэгэн “Бусад хүмүүнд ах дүүс буй атал би цор ганцаараа” хэмээн халаглахуйд “Орчлон дэлхийд олон ахан дүүс буй бус уу! Эрдэмт сайд цор гагцаар хэмээн энэлж гаслахын хэрэг юун” хэмээсэн байдаг.
“Сайн сурталт хүмүүн ер үл ганцаардъюу, санаа нэгт хөрш лав буй” хэмээн сургасан нь чухамдаа ханлиг улс хоорондын шударгуу сайн харилцааны тухай өгүүлсэн хэрэг юм.
Дээр дурдсан эш номлолууд нь 2500 орчим жилийн тэртээх Күнзийн сургаалд өнөөдрийн дэлхийн улс түмнүүдийн харилцааны нэгэн чухал хэсэг нь болсон “ардын дипломат” /people-to-people diplomacy/ харилцааны эш үзлийн үр хөрвөл, үзэл санаа бүрэлдэж байсны баримт нуталгаа мөн.
Күнз “Ёслолыг гүйцэлдүүлэхүйд алив явдалд нийцэл зохирлыг олох нь эрхэм болой” хэмээн сургасан байдаг. Тэрбээр “ёслол”-ыг хүмүүн хоорондын, хүмүүн хийгээд нийгэм хоорондын харилцааг зохицуулах хэм хэмжээ төдийгүй, ханлиг улс хоорондын харилцааны үндсэн хүрээ хязгаар хэмээн үзэж байжээ.
Тэр цагт ханлиг улсууд үргэлжид тэрсэлдэн, өвөр зуурын самуун, дажин ер эс тасрах тул Күнз “ёслол”-оор тэрхүү самууныг хязгаарлахыг мөрөөдөн, “ёслолоор эс хазаарлаваас ер хэрэг явдал эс бүтмүй” хэмээн сургаж байжээ. Тиймээс ч “Шүүмжлэл өгүүлэл” номд “ли” буюу “ёслол” хэмээх үгийг 70 гаруй удаа дурдсан хэмээдэг.
Күнз “Өөрийн биеийг хянан ёслолд нийцүүлэх нь өршөөл буюу. Тийнхүү өөрийн биеийг цагдан, ёслолд нийцүүлж чадваас тэнгэрийн дор хүмүүс өршөөлт хэмээх бөлгөө.” хэмээжүхүй.
Эндээс үзэхүл Күнз “ёслол” болбоос “тэнгэрийн дор өршөөлт” болохуйн гол арга зам, зайлшгүй жам ёс хэмээн үзэж байсан ажгуу. Тиймийн учир Күнзийн суртлын “Их суртахуй” номд “...сэтгэл тэгширвээс бие засармой, бие засарваас гэр төвширмүй, гэр төвширвөөс төр засармуй, төр засарваас тэнгэрийн дор түмэн амгалан тогтмуй” хэмээн өгүүлсэн байдаг.
Тийнхүү “ёслол”-оор хэм хэмжээ болгосон улс түмний харилцааны дээд туйл нь “зохирол” байх агаад “зохирол” нь “ёслол”-ын дээд илрэл болно хэмээн үзэж байжээ. Тиймээс Күнзийн суртлын “Хэв дундын ёсон” номд “...ёслол журамд нийцэхүйг “зохирол” хэмээмой. Дунд болбоос тэнгэрийн дор хэрэг үйлийн эх үндэс болой, зохирол болбоос тэнгэрийн дор түгээмэл жам болой. Дунд хийгээд зохирол дор хүрэхүйд тэнгэр газар тус тусын сууринаа тогтнож, түмэн бодос төлжин дэлгэрэх бөлгөө” хэмээсэн байдаг.
Күнз улс түмний хоорондын харилцаанд “зохирол нийцэл”-ээс /harmonious/ илүү амин чухал зүйл үгүй хэмээн номлож байжээ.
“Зохирол бүхнээс эрхэм буюу”, “Эрдэмт сайд бусад лугаа санаа зохирох агаад сохроор үл дагалдмуй, өчүүхэн хүмүүн сохроор дагах агаад санаа зохирч үл чадмуй”, “Өөрийн үл хүсэхийг өрөөл бусдад бүү тулгагтун” хэмээсэн эдгээр номлол болбоос улс хийгээд ард олны харилцааны эе зохирлын учир ёсны тухай өгүүлсэн хамгийн онч мэргэн, утга гүн эш сургаалууд болой.
Орчлон ертөнц дээр олон соёл иргэншил эе найртай, энх амгалан зэрэгцэн оршиж харилцан нэвчиж, харилцан хөгжихүй нь хүмүүн төрөлхтний нийгмийн оршин тогтнож, урагшлан хөгжиж цэцэглэхүйн бодот зүй тогтол, өнөөгийн дэлхий ертөнцийн үндсэн дүр төрх юм.
БНХАУ-ын дарга Ши Жинпин 2014 оны 3-р сарын 27-ны өдөр Парист ЮНЕСКО-гийн төв байранд хэлсэн үгэндээ “Гагцхүү харилцан хөгжиж, харилцан ойлголцож байж, соёл иргэншлүүд амьдрах чадвартай байна. Өгөөмөр ууч, аливаа нэгэн “мөргөлдөөнгүй” байж, сая соёл иргэншлүүдийн зохирол бүрдэнэ. Хятад хүмүүс “Сонирхон идвэл сонгино ч сайхан, сольж идвэл мангир ч сайхан” гэж байнга хэлцдэг юм“ хэмээн дурджээ.
Энэ нь хүн хүний хүсэл сонирхол өөр өөр, хэн хэндээ хүчээр тулган хүлээлгэж үл болно гэсэн үг юм.
Эдүгээ хүрээлэн байгаа байгаль, орчин ахуй улам муудан, нөөц баялаг улам барагдан, хоол хүнс улам хомсдож, баян хоосны хоёр туйл улам ялгаран, аллага хядлага гаарч буй зэрэг олон асуудал хүмүүн төрөлхтний оршин тогтнож, урагшлан хөгжихөд аюул занал учруулж байна. Аливаа нэгэн үндэстэн, ард түмэн, улс гэр тийм аюулаас дангаараа бултан зайлахын аргагүй, дэлхий даяныг нөмөрч буй тийм аюулыг дан ганц өөрийн хүчээр сөрөн зогсоно гэвэл бүр ч боломжгүй нь тодорхой.
Тиймийн учир эрдэмтэн мэргэд эртний их сэтгэгчдийн сургаал номлолыг эш үндэс болгон, шинэ санаа бодрол, үзэл онол дэвшүүлж байна. 1988 онд Парис хотноо хуралдсан олон улсын Нобелийн шагналтнуудын нэгэн хуралдаанаас дэлхий дахинаа хандан “Хүмүүн төрөлхтөн ирэх зуунд оршин тогтнохыг хүсэж буй бөгөөс, 2500 жилийн өмнө амьдарч асан Күнзийн оюун ухааныг эргэн санаж, өвлөн суралцваас зохилтой” хэмээн уриалсан нь үүний нэгэн баримт юм.
Күнзийн “Өөрийн биеийг тэтгэн босгосугай хэмээвээс өөр бусдыг тэтгэюү, өөрийн биеийг нэвтэрхий болгосугай хэмээвээс өөр бусдыг нэвтэрхий болгоюу”, “Өөрийн үл хүсэхийг өрөөл бусдад бүү тулгагтун” зэрэг олон сургаал нь эдүгээ цагийн ард түмэн хоорондын харилцаа хийгээд улс гүрэн хоорондын харилцааны ёс журамд яв цав нийцэх агаад тийнхүү “эе зохирч” чадсанаар хүмүүн төрөлхтний өмнө тулгарсан олон асуудлыг хамтын хүчээр шийдэж чадахын учрыг эрдэмтэн мэргэд онцолж байна.
Эдүгээгийн Хятадын удирдагчдын дэвшүүлсэн “Зохиролт дэлхий ертөнц”-ийн тухай үзэл баримтлалын онолын эх үндэс нь Күнзийн сургасан “бусад лугаа санаа зохирон орших”, “өөрийн үл хүсэхийг бусдад эс нялзаах” гүн ухааны үзэл номлол юм.
Дээр өгүүлснээр Күнз “Зохирол бүхнээс эрхэм буюу” хэмээн номлосон бол Мэнз “Тэнгэрийн тохиолоос газрын ашиг дээр, газрын ашигаас хүмүүний зохирол дээр” хэмээн сургасан байдаг.
Эртний их сэтгэгчийн эш сургаал, сэтгэлгээ соёлын уламжлалд суурилсан энэхүү үзэл баримтлал нь өнөө цаг үеийн олон улсын харилцааны соёлын утга агуулгыг улам тэлэн баяжуулж, тэгснээрээ өөр өөр соёл иргэншлүүд зэрэгцэн оршиж, зохирон нийцэх өргөн дэлгэр боломжийг нээж өгнө хэмээн хятадын эрдэмтэд тэмдэглэж байна.
“Күнз нэгэнтээ голын хөвөөнөө усны урсгал харан зогсож байснаа санаа алдан: Өнгөрөн одох цаг хугацаа өмнө харагдах голын ус лугаа адил! Өдөр шөнө ер зогсолтгүй урсах бөлгөө” хэмээн өгүүлсэн байдаг.
Он цаг урсан одож, олон зуун улиран хувирсан ч, Күнзийн эш сургаал ер элэгдэж хуучран, баларч мартагдсангүй, харин ч хүмүүн төрөлхтний сэтгэлгээ соёлыг шинэ өнгө гэрэл, утга агуулга, оюун мэдлэгээр тэлэн баяжуулсаар буйн нэгэн нуталгаа нь дээр дурдсан “эе зохирол” хийгээд “ард олон хийгээд улс гүрэн хоорондын харилцааны ёс журам”-ын тухай номлол бөлгөө.
Түүх шаштирт тэмдэглэснээс үзэхүл, Күнз өөрөө “энх амгалан, эв зохирлын элч”, эдүүгээчлэн өгүүлбээс “ардын дипломат ёсны элч” байсан гэлтэй. Күнз “эзэрхэг хүч, самуун үймээний тухай эс хэлцдэг” агаад түүний голлон номлодог дөрвөн зүйл нь “бичиг судар, бодот үнэн, үнэнч шударгуу, итгэл журам” байсан гэдэг.
Вэй хэмээх ханлиг улсын Лин Гүн хэмээгч нэгэн хэргэмтэн Күнзээс цэрэг засахын учрыг асуухуйд Күнз “Ёслол журмын хэрэг болбоос урьд сонсож асан бөлгөө, цэрэг дайны хэрэгт чухам суралцсан удаа үгүй” хэмээгээд маргааш нь Вэй улсаас гарч одсон тухай түүх шаштирт тэмдэглэн үлдээсэн байдаг.
Тэрбээр итгэлт хэдэн шавиа дагуулан өлсөж харангадах, өлдөж зүдрэхийн түмэн бэрхийг туулан, сайн ёс суртал, шударгуу үнэн, итгэл журам, эе зохирлыг номлон, 7 ханлиг улсаар 14 жил хэрэн хэсүүчлээд насан өтөл болохуйд сая өөрийн Лу улсдаа эргэн ирсэн түүхтэй юм.
Тийнхүү сайн ёс суртахуун, шударгуу үнэн, ёслол журам, эе зохирлын эрэлд хатан хэсүүлчилж явахдаа “Нарс майлс модод навчисаа хамгийн сүүлд гөвдөгийг тэнгэр хүйтэрч, газар хөлдөхүйд сая анзаардаг аа” хэмээн халаглан өгүүлсэн байдаг аа.
М.ЧИМЭДЦЭЕЭ (МУИС. Хэлбичгийн ухааны доктор (Ph.D) хятад судлаач, орчуулагч)
2024-12-24
2024-12-23
2024-12-20
2024-12-19