来源:索伦嘎杂志:http://www.solongonews.mn/content/read/34737.htm
作者:索伦嘎杂志:E.Urjinkhand
2020-08-27
Цаг цагийн саалтанд эрин үеийнхээ хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах хүн төрөлхтний өмнөх зам улам бүр өргөжин тэлсээр. Энэ л өргөн уужим замаар саахалт айлын улс санаа нийлэн саад бүхнийг давж алс ирээдүйгээ зориход эрдэмтэн мэргэд, судлаач орчуулагчдын үүрэг хичнээн чухал болохыг өгүүлэх юун. Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан Найрсаг харилцааны амьд гэрч болсон хүндэт хүмүүсийг сурвалжилсны эхэнд МУГЗ, хятад судлаач Я.Ганбаатар эрхмийг онцолсон юм.
Тэр бол 1980-аад оны үед дотооддоо хятад судлал, хятад хэлний мэдлэг эзэмшиж төгссөн мэргэжилтэн, хориод жил Монгол Улсын Их сургуульдаа багшилж ажилласан судлаач, хятад судлалын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан. Басхүү энэ чиглэлээрээ түүх, хэл шинжлэл, уран зохиол, орчуулгын чиглэлийн 20 шахам ном бичиж хэвлүүлсэн. Үүнд, хятадын сонгодог уран зохиолоос, сонгодог яруу найргаас, түүхийн судар шастируудаас орчуулж монгол уншигчдад хүргэсэн. Ер нь Хятадын уран зохиол, ялангуяа сонгодог яруу найраг бол дэлхийд шагшигддаг, гайхамшигтай. Хятадын уран зохиол, яруу найргийн оргил үе буюу алтан үе гэгддэг Тан, Сүнгийн үеийн яруу найргуудаас орчуулж хэвлэн гаргаж, монгол уншигчиддаа хүргэсээр байна. Сүүлийн үед БНХАУ-ын дарга Ши Жиньпиний бүтээлүүдээс монгол хэлээр орчуулах ажилд оролцож, зарим ном нь хэвлэлтээс гарахад бэлэн болжээ. 70 жилийн ойн хүрээнд энэ оны сүүлээр болох ойг тэмдэглэх оргил арга хэмжээнүүдийн үед энэхүү номын нээлтийн ёслол болох юм.
“Хувь хүн бол улс орны хоорондын харилцааны бас нэг гэрч болдог юм байна” гэж хэлсэн тэрээр үүнийг өөрийн ажил, амьдралын замналаараа ойлгож, олж харсан хүн юм. 1977 онд МУИС-ийн оюутан болох тэр үед нь хоёр талын харилцаа зогсонги байв. Гэвч монголын төр засгаас яг тэр үед хөрштэйгээ идэвхтэй харилцаж, харилцааг сэргээх ёстой. Ингэхийн тулд боловсон хүчин хэрэгтэй хэмээн боловсон хүчнээ бэлтгэх шийдвэр гаргаснаар МУИС-ийн дэргэд хятад хэлний анги нээсэн аж. Тэр ангиас төгссөн цагаасаа хойш даруй 40 гаруй жил энэ салбартаа ажиллаж байна. “Хятад судлал, хятад хэлний мэргэжил эзэмшиж, харилцааны салбарт ажиллаж байгаа хүмүүс бол харилцааны гүүр гэсэн үг” гэж тэрээр хэлсэн юм. Монгол Улс бол БНХАУ байгуулагдсаныг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн улсуудын нэг. Энэ 70 жилийн хугацаанд монгол, хятадын харилцааны түүх бичигдэж ирлээ. Хоёр тал 2019 онд тохиож байгаа ойгоо бүтэн жилийн туршид өргөн дэлгэр тэмдэглэхээр санал нэгдсэн байна. Өнгөрсөн жилээс эхлэн Гадаад Харилцааны яам, хятадын ГХЯ-тай энэ асуудлаар байнга холбоотой байж, бэлтгэл ажлаа ханган ойг тэмдэглэх бүтэн жилийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хоёр тал өөр өөрсдийнхөө байгууллагууд, яам, тамгын газрууд, бүх салбаруудаасаа санал хүсэлтийг нь аваад хамгийн чухал, ач холбогдолтой, хоёр талын нийт ард түмэнд хүртээмжтэй гэж үзсэн 70, 70 арга хэмжээг тус тусдаа төлөвлөжээ. Үүн дотроо улс төрийн харилцааны, эдийн засаг худалдааны, cоёл хүмүүнлэгийн салбарт, орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх арга хэмжээнүүд гэж жагсаасан. Үүгээрээ зөвхөн хоёр нийслэлийн хооронд биш, орон нутгийн хооронд, муж аймгуудын хооронд идэвхтэй харилцах гэдэг талаас нь анхаарч олон арга хэмжээнүүд төлөвлөж байгаа юм байна. Үүнд, хоёр улсын дунд оршиж байгаа томоохон орон зайг эзэлсэн талбар болох ӨМӨЗО-ы оролцоогүйгээр Монгол, Хятадын харилцааг төсөөлөхийн аргагүй. Ялангуяа, эдийн засаг худалдаа, уул уурхай, тэр дотроо дэд бүтцийн, зам тээвэр харилцааны, соёл хүмүүнлэгийн салбарын олон арга хэмжээг Өвөр Монголын оролцоотойгоор амжилттай хэрэгжүүлэх юм байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улс, ӨМӨЗО хоорондын харилцаа солилцоо, удирдлагуудын харилцан айлчлал нэлээн идэвхжиж үр дүнд хүрч байна. Энэ тухайд тэрээр:
- Харахад зарим улс орнуудтай ойн яг тухайн өдөр нь нэг юм уу, хоёр арга хэмжээ зохион байгуулаад л дуусч байгаа. Тэгэхэд Монгол, Хятадын хооронд бүтэн жилийн туршид хэрэгжүүлэх арга хэмжээнүүд гэхээр ямархуу өргөн дэлгэр хэмжээнд хоёр тал хамтран ойгоо тэмдэглэхээр тохиролцсоныг харж болно. Харилцааны түүх, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг тусгасан сэтгүүл гаргах, ахмад дипоматууд, үе үед хоёр талдаа харилцан сууж байсан элчин сайд нарын дурсамжийг нэгтгэж хэвлэх зэрэг олон ажил тусгаад байна. Өнөөгийн байдлаар хоёр талын гадаад харилцааны яам тохиролцоод “Үе үеийн элчин сайд нар” гэдэг томоохон цомог ном бэлэн болгосон, одоо хэвлэх дөхөж байна. Энэ бол нэлээн том ажлын нэгд орно. Одоогийн байдлаар харилцааны бүх цаг үеийг түүхчлэн харуулсан гурван бүлэг баримтат кино хийхээр төлөвлөж байна гэж ярьсан юм.
Түүний танилцуулснаар ойг тэмдэглэх 70 арга хэмжээний 2-р хэсэгт Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудыг тусгажээ. Гол арга хэмжээнүүдийн тоонд Худалдаа эдийн засгийн форум /Монгол, хятадын экспо/ орж байна. Мөн Өвөр Монголд, Тяньжин, Өрөмчин, Жилин мужийн төв Чанчун хот, Харбинд болох Олон улсын эдийн засгийн форумын арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцоно гэж тусгасан. Тэдгээрийн дотор Өвөр Монголтой хамтарч хийдэг энэ эдийн засгийн форум гол үйл ажиллагааны нэг юм.
Я.Ганбаатар:
- Хоёр талын удирдлагууд өнөөдрийн энэ байдлыг Монгол, Хятадын харилцааны түүхэн дэх хамгийн сайн үедээ явж байна гэж дүгнэдэг. Энэ бол үнэхээр том дүгнэлт. Үнэндээ ч хоёр талын харилцаа өргөн дэлгэр, гүнзгий хэмжээнд урагшлан хөгжиж байна. Энэ харилцааны бодит үр шимийг монголын ард түмэн, хоёр талын ард түмэн хамтран мэдэрч, амсаж байна. Сүүлийн жилүүдэд хоёр талын хооронд хэрэгжүүлэх, ялангуяа, хятадын талын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр байгуулах олон томоохон төсөл, арга хэмжээнүүд ид хэрэгжиж дуусах шатандаа явагдаж байна. Тэдгээрээс ганц нэгийг дурьдвал, өнгөрсөн оны сүүлээр Улаанбаатарт анх удаа нисэхийн давхар гүүрэн зам ашиглалтад орлоо. Энэ онд Замын цагдаагийн дэргэдэх давхар гүүрэн зам одоо ид баригдаж байна. Оны сүүлээр ашиглалтад орно. Ингэснээр Улаанбаатарын замын түгжрэлийг багасгахад томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх томоохон төслийн ажил эхлээд явагдаж байна. Улаанбаатарын гэр хорооллыг орон сууцжуулах 1008 айлын орон сууцны төсөл Ногоон нуурын орчим бүсэд хэрэгжихээр нэлээд нааштай түвшинд хүрсэн. Улаанбаатар - Налайхын чиглэлийн 20,9 км-ийн авто замыг барьж байгуулах ажил амжилттай эхлээд байгаа зэрэг олон зүйлүүдийг дурдаж болно гэж ярьлаа. 1994 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд Сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ жил мөн 25 жилийн ой нь тохиож байна. Үүнийг бас энэ хүрээнд хамтран тэмдэглэж өнгөрүүлэхээр төлөвлөжээ. Хятад улсын хөгжлийн тухайд тэрээр:
- Хамгийн анх 1985 оны 02-р сард буюу одоогоос 30 гаруй жилийн өмнө анх хятад улсад хөл тавьж байлаа. Тэр үеийн хятад орныг өнөөдрийн хятад оронтой харьцуулахад зүйрлэхийн аргагүй хөгжин цэцэглэсэн. Өмнө нь галт тэргээр яваад л Эрээнээр дамжаад цаашаа Бээжин хүрдэг байсан бол өнөөдөр жишээ нь, Эрээн хотыг харахад ямар том хот болж хөгжсөн нь тодорхой харагдаж байна. Тэр үед төмөр замын жижиг өртөө, хилийн жижигхэн боомт хот байсан. Өнөөдөр бараг 100-аад мянган хүн амтай орчин үеийн том хот болж хөгжжээ. Хятадын хаана ч явсан ийм дүр төрхийг олж харж болно. Жишээ нь, Шинжян Уйгарын Өөртөө Засах Орны Өрөмч хотод хэд хэдэн удаа очиж байсан, Дундад Азийн олон улс үндэстний хүн ам зэрэгцэн жаргалтай, найрсаг сайхан аж төрж байгаа орчин үеийн сайхан хот болсон байна. Мөн Шанхай бол мэдээж бүс нутаг төдийгүй дэлхийн хэмжээний олон улсын банк санхүүгийн томоохон төв болж, улам бүр хөгжин цэцэглэж байна. Тэнд дэлхийд тэргүүлэх олон үзүүлэлт бүхий барилга байгууламжуудыг хүртэл харж болно. Дорнын сувд, дэлхийн хамгийн өндөр цамхагууд, мөн банк санхүүгийн төв болсон Пүдүн дүүргийг нэрлэж болох байна. Түүнчлэн байгалийн үзэсгэлэнт газрууд, хөдөө аж ахуйн томоохон төвүүд, олон үндэстэн ястны онцлог бүхий муж тойргууд зэрэг олон сайхан газруудаар явж байснаа эргэн дурсахад сайхан байдаг юм. Ялангуяа, өндөр технологийн салбарт бол мундаг шинэ нээлтүүдийг хийж байна. Жишээлбэл, цахилгаан техник хэрэгслүүд, компьютер зэргийн зүйлүүдэд үнэхээр хувьсгал хийсэн томоохон нээлт шинэчлэлүүдийг хийж хүний өдөр тутмын хэрэглээний зүйл болгож шинжлэх ухааны үйлдвэрлэлд нэвтрүүлж чадаж байна. Тухайлбал, Huawei гэдэг алдартай гар утас. Хятадын дарга Ши Жиньпин “Дэлхийн нийт хүн амын гурван хүний нэг нь энэ утсыг барьж байна” гэсэн үгийг бахархалтайгаар хэлж байсан. Энэ бол үнэхээр гайхамшигтай гэж хэлэхээс өөр аргагүй. Үүгээрээ одоо бүх зүйлийг удирдаад, бараг роботын хэмжээнд хүрчихсэн зүйл гэж би ойлгож байгаа. Ийм зүйлүүдийг олж харахад бидэнд өмнөд хөршөөсөө сурах, авч хэрэгжүүлэх, хамтрах зүйл маш их байна. Үүнийг бид идэвхтэй харилцаж, хамтран ажиллаж байж авна гэж ойлгож байна гэж судлаач Ганбаатар ярьсан юм.
“Бүс ба зам” санаачилгын тухайд:
- “Бүс ба зам”-ын хүрээнд нийт зургаан эдийн засгийн хамтын ажиллагааны дэд бүтцийн коридор бий. Түүний нэг нь Умардын чиглэл буюу Хятад, Монгол, Оросыг чиглэсэн зам харилцааны коридор байгуулах төсөл яригдаж байна. Манай Гадаад Харилцааны Яамны дотор саяхан энэ Гурван улсын эдийн засгийн коридорыг урагшлуулах судалгааны төв байгуулагдсан. Манай төв нэлээн идэвхтэй ажиллаж байгаа. Ямар түвшинд, ямар ажлуудыг хамтран хэрэгжүүлснээр үүнийг бодит ажил болгох вэ. Үүнд авто зам, төмөр зам, цахилгаан эрчим хүчний холбоо ийм гурван чиглэлээр хамтран ажиллахаар яригдаад нэлээн сайн түвшинд гурван тал тус тусдаа судалгааны ажлуудыг идэвхтэй хийж байна. Энэ төсөл хэрэгжсэнээр гурван улсад аль алинд нь ихээхэн өгөөж авчирна гэж бид харж байгаа гэж ярьсан юм. Ийнхүү улс орнуудын харилцааны хөгжилд хамгийн гол нь хэмжээлшгүй их сэтгэл зүтгэл шингэсэн нөр их хөдөлмөр, бүтээсэн бүтээлүүдээрээ хятад судлаачид, орчуулагчид үеийн үед хоёр улсын харилцааны амьд гэрч болсоор буй нь бахархууштай.
Зохиогч: | Э.ҮРЖИНХАНД |
Найруулагч: | Солонго мэдээллийн төв |
Эх сурвалж: | Солонго мэдээллийн төв |
2024-11-06
2024-11-05
2024-11-04